МЭДЭЭЛЭЛ
“ЯПОНЫ ЗАЛУУСЫН СОЁЛЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ”АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
2012-12-20

 

     12 сарын 8-ны Бямба гарагт тус төв дээр анх удаа “Японы залуусын соёлыг танилцуулах сургалт” зохион байгуулагдаж, “Японы залуусын хэрэглэдэг үг хэллэг” мөн “Японы залуусын загвар стиль” гэсэн хоёр сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Япон хэлний сургалтанд хамрагдаж буй оюутан залуус хүрэлцэн ирж оролцлоо.                      

    Эхний хэсэг болох “Японы залуусын үг хэллэг танилцуулах сургалт”-нд  яг одоо Японы залуусын дунд түгээмэл хэрэглэгдэж буй өвөрмөц  үг хэллэгийг оруулж өгсөн юм. Хэдийгээр Япон хэл сурч байгаа ч орчинд нь очихоос нааш мэдэж чадахгүй үг хэллэгийг танилцуулсан нь тус сургалтын нэгэн онцлог байсан юм. Түүнчлэн сургалтын хоёрдугаар хэсэг болох “Японы залуусын загвар, стиль”-ийг танилцуулах сургалтанд  1950-80 оны япон залуусын загварын чиг хандлага, хувцаслалт стиль мөн өнөөгийн залуусын өвөрмөц стилийн талаар танилцуулсан юм. Монголын залуучуудын дунд түгээмэл байдаг Японы Харажүкү стилийн тухай ойлголт, түүнтэй адил бидний тэр болгон мэдээд байдаггүй өвөрмөц загварууд, ирэх жилийн залуусын загварын чиг хандлага зэрэг шинэлэг мэдээлэл хүргэсэн нь мөн онцлог байсан юм.  

 Сургалтын төгсгөлд оролцогчид болон зочдын хооронд Японы амьдрал, залуусын талаархи чөлөөтэй асуулт хариултын булан явагдсан.

    Энэ удаагийн танилцуулах сургалтыг зөвхөн тус төвийн япон хэлний сургалтанд хамрагдаж буй суралцагчдын дунд зохион байгуулсан бол дараа дараагийн сургалтуудаа илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах болно.

    Эцэст нь энэхүү сургалтыг амжилттайгаар зохион байгуулахад тусалсан МУИС- МХСС-ийн оюутан Шинно Ай, Сүгиура Чиаки, МУИС-ГХСС ийн оюутан Д.Мөнхдэлгэр, Т.Отгонбаяр, охидын “Pink Lynx” хамтлаг, мөн Урлах Эрдэм дээд сургуулийн оюутан Э.Болорсүх, Т.Мөнхсарнай нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв

Япон Хэлний Сургалтын Тасаг