Сар бүрийн мэдээлэл
2011 оны 1-р сарын мэдээлэл
2012-01-23
“Япон хэлний радио хичээлийн үргэлжлэл бэлэн боллоо””
2005-2007 оны турш Монголын радиогоор цацагдаж байсан Япон хэлний радио хичээлийн үргэлжлэл нь олон хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бэлэн болж худалдаанд гарлаа. Сурах бичгийн үнэ 6000₮.
Энэхүү радио хичээл нь япон хэл сурахыг хүссэн бүх хүмүүст зориулсан бөгөөд урьд өмнө япон хэлийг суралцаж байсан түүнчлэн одоо суралцаж байгаа, бие даан суралцахыг хүссэн хэн бүхэн хичээллэх боломжтой юм. Радио хичээлийн гол дүр болох Оюунаа охиныг тойрсон сонирхолтой үйл явдал дээр тулгуурлан, Япон хэлийг сурах боломжтойгоороо хичээл маань онцлог болсон юм. Радио хичээлийн өмнөх болон үргэлжлэл хэсэгт Япон хэлний анхан шатны дүрмийг бүхэлд нь багтааж оруулсан болно. Гадаад хэлийг бие даан сурахад, яриа сонсгол нь хоцрогдох гээд байдаг сул тал ажиглагддаг. Тэгвэл манай хичээлийн жүжиг нь япон хэлээр цацагдаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Мөн гол дүрийн Оюунаагаас бусад оролцон тоглогчид маань япон хүмүүс учраас та бүхэн япон хэлний цэвэр дуудлагыг сонсож сурах боломжтой юм. Хичээл маань МҮОНРТ-ийн P3 FM радиогоор Мягмар-Пүрэв гарагуудад өглөө 11 цагаас шинэ хичээл, үдээс хойш 16 цагаас давталттайгаар цацагдаж байгаа билээ. Хөдөө орон нутагт үдээс хойш 16 цагаас ганцхан удаа цацагдана. Бүх хичээлүүд радиогоор цацагдаж дууссны дараа CD-нд буулгаснаар худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.
Мөн үргэлжлэл хэсэгт маань “L-GUARDS” хамтлагийн дуучин хамтран оролцож байгаагаас гадна өөрийнх нь зохиосон “Бидний дуу” хэмээх дуугаа манай хичээлийн сүлд дуу болгохыг зөвшөөрсөн юм. Дууны үг нь их ойлгомжтойгоос гадна суралцагчдын сэтгэл хөдлөлийг үнэн бодитоор гаргаж өгсөн тул япон хэл сонирхогч та бүхэнд таалагдан, хэлний мэдлэгт тань хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Та хичээлээ интернэтээр ч сонсох боломжтой.
Энд дарна уу.(http://www.mnb.mn/player/p3.php) Сурах бичиг нь бидний өнөөдрийг хүртэл хэрэглэж ирсэн уламжлалт хэлбэрийн сурах бичгээс тэс ондоо маш сонирхолтой хэлбэрээр хийгдсэн байгаа учраас заавал сонирхож үзээрэй.
(Япон хэлний сургалтын тасгийн цагийн ажилтан О. Бурмаа)
-Бидний дуу-
Үг, Ая. Бүдбазар (L-GUARDS)
Явах Явж Явахгүй Явна
Ирэх Ирж Ирэхгүй Ирнэ
Хийх Хийж Хийхгүй Хийнэ
Харах Харж Харахгүй Харна
Сонсох тусам ойлгож
Унших тусам ухаарна
Ярих Ярьж Ярьмаар байна
Япон хэл сонирхолтой байгаа биз
Ханз үсэг, уншлага, үгийн сан, дүрэм
Бүх хүчээ нийлүүлээд
Багштайгаа хамтдаа хичээцгээе
Хүнд хэцүү байлаа гээд
Ойлгохгүй бас нойр чинь хүрч байгаа ч
Хичээх юм бол заавал чадах болно
Гар гараасаа хөтлөлцөн алхацгаая
Олон найзуудтай болж
Бусадтайгаа дотно болж
Сайхан дурсамж үлдээцгээе
Сургууль руугаа явах сэтгэл
Яагаад ч юм харьмааргүй байна
Мөрөөдөл рүүгээ тэмүүлэн хичээцгээе
Японы Төрийн Бодлого Зохицуулалтын Яамны Сайд Гэнбагийн айлчлалаас
2011 оны 1-р сарын 5-ны өдөр Японы Төрийн Бодлого Зохицуулалтын Яамны Сайд Гэнба тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд зочиллоо. Тус өдөр Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Кидокорогийн урилгаар үдээс хойш 3 цагт төвд хүрэлцэн ирж, Японы Элчин Сайдын Яамны нарийн бичгийн дарга, Монгол дахь Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга болон Япон төвийн холбогдох хүмүүс, хэвлэл мэдээллийн албаныхан угтан авснаар, уг айлчлал богино хугацаанд болж өндөрлөсөн юм. Айлчлалын эхэнд төвийн захирал Морикава төвийн удирдлагуудыг танилцуулсны дараа Монгол-Японы Төвийн үйл ажиллагааг танилцуулж, төгсгөлд нь асуулт, хариулт явагдлаа. Ийнхүү сайд зах зээлийн эдийн засагт шилжин, хөгжиж буй 8 орон дахь Япон төвийн үүрэг роль болон хамтран ажиллагсдын хүчин чармайлтыг сайшаан тэмдэглэлээ. Япон төв байгуулагдсан орнуудын дотроос ялангуяа Монгол Улс бол Япон Улстай найрсаг хамтын ажиллагаатай орон бөгөөд 2010 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн “Япон Монголын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр “Хөх толбот Монгол, Япон хоёр орны харилцаа” гэж дурдсан нь ихээхэн сэтгэл хөдөлгөсөн явдал болсныг иш татан, цаашид найрамдалт харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэж хэлсэн юм.
Улмаар Монгол Улсын төрийн холбогдох нэр бүхий төлөөлөгчтэй уулзсан уулзалтын үеэр нийгмийн баялаг зохицуулалт болоод эрдэс баялаг ашигт малтмалын салбарт Японы ноу-хау, технологи, хүний нөөцийг цогц байдлаар туслаж дэмжихийг хүссэн хүсэлт гарч байсан төдийгүй мөн Япон Улсын хувьд Монгол нь чухал орон бөгөөд цаашид энэхүү хамтын харилцаагаа улам бэхжүүлэх нь чухал хэмээсэн юм. 4-р сараас Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг эхлүүлэх, бизнесийн орчин бүрдүүлэх, нийгмийн баялаг зохицуулалтын тал дээр хамтран ажиллах, өнөөгийн Монголын залуу бизнес эрхлэгчдэд Япон маягийн менежментийн үндсийг зааж сургахын чухлыг, улмаар Японы соёлоор дамжуулан хамтын харилцаагаа хөгжүүлж байгаа нь ихээхэн сайшаалтай хэмээлээ.
(Зураг1: Номын санд)
Мөн сайд маань кинонд дуртай нэгэн учраас Япон төвд сар бүр 1 удаа зохиогддог Япон киноны өдөрлөгийн талаар ч сонирхож байлаа. Түүний дараа төвийн өрөө танхимуудыг танилцуулж, номын санд япон хэл сурч байгаа оюутантай яриа өрнүүлэн, урмын үг хайрласан юм. Ингээд эцэст нь төвийн ажилтнуудтай дурсгалын зураг авахуулсан ба ойролцоогоор 30 минут хиртэй үргэлжилсэн 2011 он дөнгөж гараад зохион байгуулагдсан сайдын айлчлал ийнхүү өндөрлөлөө.
(Зураг2: Дурсгалын зураг)
Ирээдүйд Монгол, Японы хамтын харилцааг гүнзгийрүүлэхэд Япон төвийн үүрэг ихээхэн чухал гэдгийг төрийн бодлого тогтоогч хүний байр сууринаас үнэлэн дүгнэсэн нь бид бүхэн хариуцан ажиллагсдын хувьд ихээхэн бахархууштай хэрэг болсон бөгөөд цаашдын үйл ажиллагаанд урам боллоо. Цаашид бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, Япон хэлний боловсролыг дэмжих, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэсэн 3 үндсэн зорилгоороо дамжуулан, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах хийгээд улам бүр тасралтгүй үргэлжлэх олон улсын хамтын үйл ажиллагааг явуулахын мөн чанарыг дахин бидэнд ухааруулсан айлчлал боллоо.
(Зохицуулагч Сато Шинго)