Сар бүрийн мэдээлэл
2009 оны 8-р сар
2012-01-23
 “Фото зургийн үзэсгэлэн”

    Английн хүүхдийг ивээх сангаас (одоогийн Японы хүүхдийг ивээх сан) Монголын урлагийн холбоотой хамтран, “Хүүхэд ба дуран” төслийг 4 жил хэрэгжүүлжээ.
Хүүхдүүдийн авсан фото зургаар дамжуулан, тэдэнд бүтээлч сэтгэлгээ болон өөртөө итгэх итгэлийг бий болгох, мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг нь хөгжүүлэхийг зорьсон тус төсөлд нийт 56 хүүхэд хамрагдан, амжилттай төгссөн байна.
    Хүүхдүүдийн уран бүтээлийн энэхүү үзэсгэлэнг 2009 оны 7-р сарын 27-ноос эхлэн 14 хоногийн турш Монгол-Японы төвийн хүлээн авах танхимд гаргалаа.
Энэ удаагийн үзэсгэлэнг Монгол-Японы төв дээр зохион байгуулсан нь төвийн зүгээс Японы хүүхдийг ивээх сангийн болоод төсөлд хамрагдагч хүүхэд багачуудын үйл ажиллагааг дэмжиж байгаа илэрхийлэл болсон юм.
Уг үзэсгэлэнд “Хүүхэд ба дуран” төслийн 1-р ээлжээс 8-р ээлжинд хамрагдан төгссөн 35 хүүхдийн уран бүтээлийг дэлгэн тавьлаа.
49-р дунд сургуулиас 12, 72-р дунд сургуулиас 18, 17-р дунд сургуулиас 5 сурагч тус тус оролцсон аж. Оролцогчид маань 8-аас 11-р ангийн 14-18 насны хүүхдүүд байлаа.
    Эдгээр фото зургууд нь байгаль орчин, байгалийн өнгө үзэмж, хүүхэд, хотын амьдрал гэсэн сэдвүүдийг тусган үзүүлсэн байсан юм.
Тус үзэсгэлэнг төвөөр үйлчлүүлсэн 6050 хүн сонирхон үзлээ. Ингээд үзэсгэлэнд оролцсон нийт хүүхэд багачууддаа цаашдынх нь уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
(Ерөнхий ахлах ажилтан Х. Гармаабазар)

 “Дуу ашиглан суралцах япон хэлний сургалтын талаарх танилцуулга”
 
  Япон хэл суралцагчдыг япон хэлээ давтангаа, зуныхаа амралтыг хөгжилтэйгээр өнгөрүүлэх боломжийг олгох үүднээс Монгол-Японы Төвөөс “Дуу ашиглан суралцах япон хэл”-ний нэгэн шинэ сургалтыг зохион явуулсан билээ. Тус сургалтаар оролцогч хүүхдүүд маань япон дууны уянгалаг сайхан аялгуу, хүний сэтгэлийн утсыг хөндөх чадал бүхий шүлгийн тунгалаг мөрүүдийг уншиж мэдрэнгээ, япон хэлний дүрэм болон үг хэллэгүүдийг сурч, хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлцгээлээ.
    Нийт 6 удаагийн хичээлийн 5 удаад нь үндсэн хичээл орж, 6 дахь удаагийн хичээл дээр сурсан дуугаа хэр сайн дуулах вэ? дууны уралдааныг зохион байгуулсан юм.
    Дууны танилцуулга
    “Цээнийн ягаан цэцэг”
    Сада Масашигийн үг, ая “Космос” дууг 1977 онд дуучин Ямагүчи Момоэ дуулжээ.
    Түүний 19 дэхь цомогт багтсан тус дуу нь, нөхөрт гарах гэж буй охин нь элбэрэлт ээжийгээ санан дурссан утга бүхий бөгөөд 1977 оны 10-р сард хит болж, одоог хүртэл дуулагд-саар, хэдийнээ Японы ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудын нэг болж чадсан юм.
    “Цасан ширхэг”
    Сатомигийн үг, Мацүмото Рёокигийн ая “Юүки но хана” дууг 2003 онд дуучин Накашима Мика дуулжээ.Уг дуу нь түүний 2 дахь “Love” хэмээх цомогт орсон байна. Тус цомогт нь “Аишитэ ирү”, “Find the way” зэрэг олон хит болсон дуунууд багтсан бөгөөд шилдэг цомгийн шагнал, мөн “Юүки но хана” дуу нь алтан медалийг хүртэж байжээ.
    “Анд найзын дуу”
    Zopp-ын үг, найруулагч Shusui, Швед улсын Fredrik Hult, Jonas Engstrand нарын ая “Сэишюн Амийго” дууг Японы нэрт залуу эрэгтэй дуучин болох Kat-Tun хамтлагийн гишүүн Каменаши Казүяа, News хамтлагийн гишүүн Ямашита Томохиса нар 2005 онд дуулжээ.
    “Чин хайрын дуу
    Мизүно Сачиёгийн үг, Хината Тошифүмигийн ая “Хидамари но үта” дууг 1997 онд “Le Couple” хамтлаг дуулжээ. Тус дуу нь “Le Couple” хамтлагийн 5 дахь дуу бөгөөд “Le Couple” гэдэг нь шашны хэлээр “Эхнэр, нөхөр” гэсэн утгатай аж. “Le Couple” хамтлаг 1990 онд байгуулагдсан байна.
    “Нэр алдарт хүрэх гүүр”
    Китагава Юүжингийн үг, ая “Эикоо но какэхаши” дууг “Юзү” хамтлаг 2004 онд дуулжээ.
    Энэхүү дуу нь тус хамтлагийн 21 дэх дуу юм. Эн Эйч Кэй телевиз Афиний зуны олимпийг шууд нэвтрүүлэх үедээ “Эикоо но какэхаши” дууг нэвтрүүлгийнхээ “сүлд дуу” болгож байжээ.
    Тус сургалт нь ирэх зун дахин явагдах тул япон хэл сонирхон, суралцагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
(Япон хэлний сургалтын тасгийн ажилтан Э. Мөнгөнсолонго)