Монгол-Японы төвөөс бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор суурь мэдлэгийн, ахисан түвшний болон бизнесийн үндсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ хичээлийн жилийн сүүлчийн сургалт 6-р сарын 21-25-ны хооронд “Тоёотагийн үйлдвэрлэлийн систем” сэдвээр зохион байгуулагдлаа.
Сургалтаар дэлхийд танигдсан Тоёота компанийн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, менежментийн философийн талаар суралцсан юм. Үйлдвэрлэл эрхлэгч хэн бүхэн үр ашигтай, алдагдалгүй, оновчтой арга барилаар үйл ажиллагаа явуулахыг хүсдэг.
Харин TPS буюу Тоёотагийн үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэл жигд, алдагдалгүй, үргүй зардалгүй, хэт ачаалалгүй явагдах боломжтой болох юм. Тухайлбал John Deere (ХАА-н тоног төхөөрөмж), Intel (компьютерийн чип), Nike (спорт хувцас) зэрэг дэлхийн шилдэг компаниуд уг менежментийг хэрэгжүүлдэг байна.
Сургалтыг япон талаас Панасоник корпорацид 30 гаруй жил ажилласан туршлагатай ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Масүда Казүми болон монгол талаас манай төвийн үндэсний сургагч багш нар болох Ш.Алтанхуяг, Н.Батчулуун нар хамтран удирдан явууллаа. Энэ удаагийн сургалтад олон залуу инженер, үйлдвэрийн дарга удирдлага хамрагдсанаараа онцлогтой байлаа.
Зураг 1. Масүда багшийн хичээлийн студиэс
Мөн 6-р сарын 24-ний өдөр Витафит компанийн хамт олон “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр байгууллага дээрээ сургалт авлаа. Сургалтыг мөн Масүда багш, Алтанхуяг багш нар маань хамтран удирдан явуулсан юм. Ажилтнуудынхаа сургалт хөгжилд байнга анхаарч, манай сургалтад тогтмол хамрагддаг Витафит компанийнхаа хамт олонд баярлалаа.
Зураг 2. Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг
Зураг 3. Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Н.Батчулуун
Та бүхэндээ сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ илүү үр ашигтай удирдан явуулж Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.
Манай төвийн бизнесийн сургалтууд ирэх 9-р сараас дахин зохион байгуулагдана. Шинэ хичээлийн жилээр уулзацгаая.