Үйл явдал
“ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2023” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023-10-18

             2023 оны 10-р сарын 7 (Бя), 8 (Ня)-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2023” зохион байгуулагдлаа. 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 9 их сургууль танхимаар, 4 их сургууль материалаар тус тус оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус 2 хоногийн нийлсэн дүнгээр 1200 гаруй хүн оролцсон байна.

            Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10-р сарын 6 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд  сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулиудыг танилцуулах болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, Японд суралцах талаар санал солилцдог билээ.

            Мэдээллийн яармагийн эхний өдөр буюу 10-р сарын 7-ны бямба гарагт арга хэмжээг нээж Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки үг хэлэн, МУИС-ийн оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В. Дашдаваа,  Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж нар мэндчилгээ дэвшүүлэв.

            “Японд суралцах тухай мэдээлийн яармаг-2023”-ын энэ жилийн хөтөлбөрт Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга (JASSO), Япон сангийн зохицуулагч Цүрүта Ясүюкигийн “Япон хэл сурах арга барил”, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэрэг зорьж ирсэн оюутан залуусдаа цогц мэдээлэл авах боломжийг хангаж өгөхийг зорьсноороо онцлогтой байлаа. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж авч байсан.

            Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 8 (Ня)-ний өдөр, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс “Японд сурч мэдсэн туршлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Тус нээлттэй хэлэлцүүлэг нь “Жугамо” нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio-Let’s about ideas & opportunities”-ын ээлжит цуврал бөгөөд улсын болон хувийн зардал, G30 хөтөлбөрөөр япон англи хэлээр Японд суралцсан залуус өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.

            Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо оюутан залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд, ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин болохыг дэмжиж жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ.

Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсэж буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Японд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)

Оролцогч их сургуулиуд: Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Нагоя худалдаа, бизнесийн их сургууль, Осакагийн их сургууль, Олон улсын их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Токио олон улсын их сургууль, Тооёо их сургууль, Хёого мужийн их сургууль,

 Материалаар оролцогч сургуулиуд: Кэйо их сургууль, Мүсашино их сургууль, Токиогийн их сургууль, Ямагата их сургууль.