МЭДЭЭЛЭЛ
ОРЧУУЛАГЧТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА: Цулбаатарын Онон
2020-08-14

Ц.Онон

 

Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд МУИС төгсөж, 2005 оноос тус сургуульд багшилж байна. Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/.

Орчуулсан бүтээлүүдНацүмэ Соосэки “Боччан”, Хигүчи Ичиёо “Булингарт булан”, “Тэкэкүрабэ”, Акүтагава Рюүносүкэ “Тошишюн”, “Хамар”, “Төмсний зутан”, Кавабата Ясунари “Ангийн даргын мөрдлөг”, Оэ Кэнзабүро “Хувийн асуудал”, Мүраками Харүки “Эрэг дээрх Кафка” зэрэг олон бүтээлийг орчуулж уншигчдын хүртээл болгосон.

 

   Япон хэлтэй танилцсан нь

Ф: Та япон хэлтэй анх яаж танилцсан бэ?

   Их сургуульд элсэж ороод анх япон хэлтэй танилцсан. Тухайн үед англи хэл, япон хэл хоёроос аль нэгийг нь сонгох болж, би япон хэлийг сонгосон. Угаасаа манж хэл үзэх хүсэлтэй байсан маань нөлөөлсөн байх. Хоёрдугаар курст ороод хирагана, катаганаг үзэж эхэлсэн. Тухайн үед одоогийнх шиг хангалттай ном, толь бичиг байгаагүй ч тун сонирхон үздэг байлаа.

 Япон хэл жил орчим үзээд Японд суралцах боломж гарч, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн ISEP буюу япон хэл, соёл судлах нэг жилийн хөтөлбөрт хамрагдаад ирсэн.

 

  Япон дахь оюутны амьдрал Японд очсон анхны сэтгэгдэл 

   Японд сурахаар болсноос хойш явах хүртлээ япон хэлээ нэлээн хичээж үзсэн. Ялангуяа явахаас 1 сарын өмнө бол шаргуу давтсан шүү (инээв). Тухайн үед Монголоос Япон руу шууд нислэг байхгүй ихэвчлэн Бээжингээр дамжин Японд очдог байсан. Нарита орох онгоцонд хажууд сууж таарсан япон өвөөтэй нэлээн хөөрөлдөж явж билээ. Тэр хүн надад “Чи яг л сурах бичиг дээрх япон хэлээр ярьж байнаа” гэж хэлж байсныг одоо хүртэл тод санаж байна. Наритагийн олон улсын нисэх буудалд буугаад, хилийн шалгалтыг өнгөрөн, хүлээлгийн танхимд нь гараад юу ч ойлгодоггүй ээ. Япон хэл нүдэнд бууж, чихэнд наалддаггүй. Сандраад биеэ барьсан байх л даа. Одоо ч гэсэн анх удаа очиж байгаа улсын нисэх буудалд буухаар тэр үе санаанд ордог юм.

 

Онгоцноос буугаад л Япон дахь амьдрал маань эхэлсэн ч, сонсгол нэг л болдоггүй ээ.  Монголд мундаг багш нараар дүрмээ сайн заалгаж, хичээж үзсэн ч ярих, сонсох боломж бага байснаас чих маань япон хэлэнд дасаагүй байсан хэрэг. Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль гадаад оюутнуудад дэмжиж туслах нэг нэг япон оюутан томилдог юм. Тэр оюутандаа “Зурагт худалдаж авмаар байна” гэж хэлээд хамтдаа явж авлаа. Зурагт 14 хоног үзээд л хичээл эхлэхээс өмнө чөлөөтэй ярьж, ойлгодог болсон. Иймэрхүү маягаар оюутны амьдрал маань эхэлсэн дээ.

 

 Сургуулийнхаа “Япон хэлний төв”-д харьяалагдан япон хэлээ үзэхийн зэрэгцээ, монгол хэлний салбарын профессор багш нарын хичээлд ч сууна. Япон хэлний төвд  дэлхийн олон орноос оюутнууд ирж суралцана. Одоо тус сургуульд монгол оюутнууд олон болсон байх.  Харин тухайн үед оюутны байранд надаас өөр монгол оюутан байгаагүй. Зөвхөн япон гэлтгүй олон орны оюутнуудтай  нэг байранд амьдарч, хамтран сурч, аялж, цугтаа өнгөрүүлсэн тэр цаг хугацаа надад юмыг олон талаас нь харах гээд их зүйлийг өгсөн гэж боддог.

 

   Японд сурч байхдаа 20 нас хүрч, амьдарч байсан Аракава дүүргийн захиргаанаас “Насанд хүрсний баяр”-т оролцох урилга авч байлаа. Үнэхээр их гайхсан шүү. Японд 20 нас хүрсэн хүнийг насанд хүрлээ гэж үздэг. Миний хувьд ч гэсэн ингээд л том хүн боллоо доо гэж бодож байлаа. Эх орноосоо хол, оюутныхаа тэтгэлэгээр амьдарч, тулгарах бүх асуудлыг өөрөө шийднэ. Энэ нэг жил  биеэ даасан хувь хүн болоход минь чухал үүд хаалга нь байсан гэж би боддог.

 

   Тэр үед NHK телевизийн боловсролын сувгаар билүү дээ,  японы уран зохиолыг танилцуулдаг нэвтрүүлэг гарна. Тэр нэвтрүүлэгт их дуртай, байнга л үздэг байлаа. Японы уран зохиол, зохиолчдын онцлогийг танилцуулдаг сонирхолтой нэвтрүүлэг байсан. Тэр нэвтрүүлэг намайг орчуулга руу хөтөлсөн юм болов уу даа гэж боддог.

Мөн би “Бүнракү”  буюу японы хүүхэлдэйн жүжгийн урлагт дуртай, Япон явах бүртээ л төв театр орж үздэг. Шанзны аялгуу, хүний чадахгүй хүүхэлдэйн уран нарийн хөдөлгөөн үнэхээр гайхалтай, үзэсгэлэнтэй. Гадаад хүмүүс болон хүүхдэд зориулан тайлбарладаг тусгай чихэвч сонсонгоо, жүжгийн агуулгыг нь илүү гүнзгий ойлгож авдаг байлаа.

 

Хат суулгасан “Улаан үзэгт багш”

Японд суралцаж ирээд, их сургуулиа төгссөний дараа нэгэн төслийн газар ажилд орсон. Япон хэл үзсэн, Японд сурч байсан туршлагатай гээд орчуулгын ажил голдуу хийлгэнэ.

Монголд өвөлдөө хасах 30 хэм хүртэл хүйтэрдэг болохоор өвлийн улиралд барилгын ажил явагдах боломжгүй. Энэ үеэр япон мэргэжилтнүүд нутаг буцаж, нэг инженер Монголд үлдэж ажилладаг байсан. Өглөө ирэх замдаа сонин худалдаж авахаас тэр өдрийн миний ажил эхэлж, сонингийн нийтлэлүүдийг орчуулна. Мөн япон инженерийнхээ хүсэлтээр зарим нэг нийтлэлүүдийг нь ч орчуулж өгдөг байв. Гэтэл нэг өдөр надад “Чиний орчуулсныг ойлгохгүй байна” гэж хэлээд, улаан эрээн болтол нь зассан орчуулгыг маань надад буцааж өглөө. Дөнгөж сургуулиа төгссөн залуу хүн “Хамаг чадлаараа орчуулж байхад чинь...” гэж (дотроо) бодож байлаа (инээв). “Чи дахиад л адилхан зүйл дээр алдсан байна шүү дээ” гэж загнуулж ч байсан. Яваандаа орчуулсан нийтлэлүүд маань бага багаар улаан эрээн нь багасаж ирсэн дээ. “Шууд орчуулах гээд дайраад байлгүй, эхлээд сайн уншиж утгыг нь ойлгох ёстой юм байна даа” гэдгийг тэндээс сурсан. Миний орчуулсан нийтлэлүүдийг цөхрөлтгүй засаж өгч байсанд нь  одоо үнэхээр их талархдаг. Сургуулийн багш нар сурагч эсвэл оюутныхаа бичсэн зүйлийг нэгд нэгэнгүй нягталж, алдсан зүйл байвал засаж өгдөг дөө. Багш учраас мэдээж засаж өгөх нь тодорхой. Багш биш мөртлөө тэгж сэтгэл гарган зааж хэлж өгч байсанд нь талархаж явдаг даа.

 

Үргэлжлүүлэн сурсан нь  Судлаач, багш

    Нэг жил ажиллаад, сургуульдаа магистрт элсэн, түүхэн хэлшинжлэлийн чиглэлээр судалгаа хийхийг болсон.  МУИС бол судлаачдыг бэлддэг боловсролын болоод судалгааны гол цөм их сургууль.  Анхнаасаа зорьж байсан манж хэлний судалгаагаа барьж авсан. Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд суралцаж байхдаа “Эрдэнийн товч” хэмээх монголын алдартай түүхэн сурвалжийн манж, япон орчуулгатай танилцаж, магистрын дипломын ажлаараа орчуулгыг нь харьцуулан судалсан.  Хүссэн ажлаа хийсэн болохоор сайхан байсан даа.

   Магистраа төгсөөд, сургуульдаа багшлах болж, анхан шатны япон хэлнээс зааж эхэлсэн. Оюутнууд гурав дөрөвдүгээр ангид оронгуут мэргэжлийн хичээлүүд орж, багш нар ч тус тусын мэргэжлийн хичээлүүдээ хариуцан заадаг. Япон орон судлал, хэл шинжлэл, түүх гэх мэтчилэн... Багш болоод эхэндээ, өөрөө их сургуульд байхдаа сурсан арга барилаараа хичээл ордог байлаа.

Их сургуулийн багш байна гэдэг оюутнууддаа хичээлээ ч заана, судалгаагаа ч хийнэ. Судалгаа хийх сонирхолтой ч, хичээл заана гэдэг түүнээс ч илүү сонирхолтой байсан. 

 Ф:Таныг саяхан их сургуулийнхаа япон хэлний багш нартай хамтарч, япон хэлний сурах бичиг бүтээсэн гэж сонссон?        

   Тийм ээ, энэ оны 1 сард хэвлэгдсэн. Хамт ажилладаг багш нартайгаа нэг баг болж, сонгон судлах хичээлд ашиглах зорилготой бүтээсэн. Ойролцоогоор жил хагас орчим хугацаанд хийсэн байхаа. Сурах бичгээ онлайн хичээлд ч гэсэн ашигласан. Урьд нь “Минна но Нихонго” сурах бичгийг хичээлдээ ашигладаг байсан л даа. “Минна но Нихонго” бол дэлхий даяар ашиглагдаж байгаа үнэхээр сайн сурах бичиг. Гэхдээ “Минна но Нихонго” нь япон хэлийг л богино хугацаанд эрчимтэй үзэх хүсэлтэй хүмүүст илүү тохирох сурах бичиг шиг санагддаг. Харин ерөнхий суурь хичээлээрээ япон хэлийг сонгосон их сургуулийн 1-р ангийн оюутнуудын хувьд эхлээд “Япон хэл гэж чухам юу болох”-ыг таниулах хэрэгтэй. Тийм ч учраас бид өөрсдөд нь ойр дөхөм сэдвийг сурах бичигтээ оруулж өгсөн. Багш бүр хуримтлуулсан мэдлэг туршлага дээрээ үндэслэн тус сурах бичгийг бүтээсэн гэсэн үг л дээ. Монголд япон хэл сурч буй хүмүүст тохирох сурах бичиг болсон гэж бодож байгаа.  

 

 Ф:Багш болоод, дахин Японд магистрын зэрэг хамгаалжээ?

   Тийм ээ. Япон сангийн “Япон хэлний багш нарт зориулсан магистрын хөтөлбөр”-т шалгалт өгөн, National Graduate Institute for Policy Studies сургуульд хамгаалсан.

Япон хэл заах аргаа сайжруулахын тулд дахин сурахаар шийдсэн. Япон хэл, соёлыг хэрхэн заах вэ? Япон хэл заах аргазүйг судлах, шинэ арга барил эзэмших хэрэгтэй юм байна гэж бодсон л доо. Тэндэх судалгаагаа дараа нь Васэдагийн Их Сургуульд үргэлжлүүлж, япон хэлний багш болохоор зорьж буй аспирантурын япон оюутнуудтай туршлага солилцож, тэднээс их зүйл сурч авсан даа.

 

Орчуулгын ажлын сонирхолтой болон бэрхшээлтэй тал           

Ф:Та хүүхэд байхын л номонд дуртай охин байсан гэж сонссон?

   Намайг хүүхэд байх үед зурагт үзэх цаг хязгаарлагдмал байлаа. Интернэт энэ тэр байх биш, найзуудтайгаа ном солилцож их уншдаг байсан. Ер нь миний үеийн хүүхдүүд бүгд л номонд дуртай, ном их уншдаг байсан байх. Багадаа амьдарч байсан гэрийн маань ойролцоо А.М.Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан бий. Ном унших дуртай байсан болохоор тэр номын санд их очдог байлаа. Орос, Английн сонгодог уран зохиолыг ахлах сургуульд байхдаа бараг бүгдийг нь уншиж дуусгасан. Чарльз Диккенсийн зохиолуудад их дуртай. Диккенсийн зохиолын дүрүүд үнэхээр сонирхолтой. Одоо ч гэсэн их уншдаг шүү.

  Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд сурч байх хугацаандаа японы уран зохиолд шимтсэн. Мэдээж эхлээд ойлгоход хялбар япон хэлээр бичигдсэн номнуудаас уншиж эхэлсэн. “Хүүхдийн уран зохиолын түүвэр”-үүд нь ойлгоход хялбар япон хэлээр бичигдсэн хэрнээ гайхалтай зохиолууд байдаг. Кавабата Ясунаригийн “Ангийн даргын мөрдлөг”-ийг уншаад үнэхээр биширч билээ. “Заавал орчуулна даа” гэж бодсон анхны зохиол. Тэр зохиолд хараагаа алдсан ч хүсэл мөрөөдлөө гээлгүй, сэтгэлийн тэнхээтэй амьдарч буй хүүгийн тухай гардаг. Энэрэх сэтгэл, итгэл найдвар бол амьдралын утга учир гэдгийг нөхөрлөлийн жишээгээр харуулсан сайхан зохиол. Кавабата Ясунаригийн гэх  өвөрмөц бүтэц, яруу тансаг илэрхийлэл, уншигчдад нэгийг бодогдуулах гайхалтай агуулга нь монгол хэл рүү хөрвүүлэх хүслийг минь бадраасан байх.

Нутагтаа буцаж ирээд ч их уншдаг байсан. Акүтагава Рюүносүкэгийн эхэн үеийн зохиолуудыг унших дуртай.

 

 Ф: Таны орчуулсан бүтээлүүд хүмүүст хэрхэн танигдаж эхэлсэн бэ?

   Магистрт сурч байх үедээ “Тошишюн” байсан байхаа, орчуулсан эхээ япон судлаач Д.Төмөрбаатар гуайд харуултал “Сайн болжээ” гэж урам өгсөн. Тухайн үед “Ниппон ньюс” гэдэг сонин байдаг байлаа. Д.Төмөрбаатар гуай эрхлэн гаргадаг байсан байх. Орчуулсан зохиол маань “Ниппон ньюс” сонинд нийтлэгдэж, танилууд, хамт ажилладаг багш нараасаа “Уншсан шүү”, “Сайхан орчуулсан байна лээ” гэх урмын үгийг их сонссон. Улмаар 2005 он байсан санагдаж байна. Д.Төмөрбаатар гуай “Хигүчи Ичиёогийн бүтээлээс орчуулж үзээч” гэж санал тавьсан. Тэгээд л Хигүчи Ичиёогийн “Булингарт булан” зэрэг хэд хэдэн зохиолыг орчуулсан. Хигүчи Ичиёо, Акүтагава Рюүносүкэгийн зохиолыг орчуулахад Д.Төмөрбаатар гуай зөвлөж, орчуулсан зохиолыг сонинд нийтэлж, номоо хэвлүүлэхэд минь замчилж өгсөн. Их сургуулийн багш маань ч бас орчуулгын найруулга, үг хэллэг дээр харамгүй зөвлөдөг байлаа.

Орчуулга надад үгийн баялагаа нэмэгдүүлж, япон хэлний чадвараа дээшлүүлэхэд томоохон дэмжлэг болсон доо.

 

 Хигүчи Ичиёогийн бүтээл

  Хигүчи Ичиёогийн бүтээл орчуулахад хэцүү байсан. Хирагана үсгээр голдуу, цэг таслал ихтэй болохоор (Инээв. Гэхдээ хэцүү болохоороо л сонирхолтой. “Энэ давааг л давчихвал цаана нь сонин содон зүйл намайг хүлээж байгаа” гэж санагдахаар. Аргагүй л японы 5000 иений дэвсгэрт дээр мөнхрөх хүн юм даа гэж бодсон доо. Түүний “Хүүхэд” гээд зохиол бий.  Уран зохиолын гэх шинж чанар, өнгө аяс нь сул ч одоогийн охидууд нэг уншаад үзээсэй гэж бодогдсон зохиол.

 

 Мүраками Харүкигийн “Эрэг дээрх Кафка” номын орчуулга

   Монсудар хэвлэлийн газраас Мүраками Харүкигийн “Эрэг дээрх Кафка” романыг орчуулаач гэсэн санал ирсэн. Өөр зохиол нь байсан бол жоохон бодож үзэх байсан байх. “Эрэг дээрх Кафка” байсан болохоор шууд л зөвшөөрсөн. Өмнө нь уншиж байсан, сонирхолтой зохиол. Мүраками Харүкигийн зохиол уншиж орчуулахад хэлний талаас бэрхшээл багатай ч, бусад олон тал дээр судалгаа шаарддаг, сурч мэдэх зүйл ихтэй байдаг. Тухайн бүтээлд гарч буй аж амьдрал, түүхэн хүн, дуу хөгжим зэргийг судлах шаардлага гарч ирнэ л дээ. Тэдгээр лүү нь уусч орчхоод, орчуулгынхаа ажлыг орхичих тохиолдол байсан шүү (Инээв).  Орчуулгын ажил гэдэг олон талын мэдлэг өгдөг сонирхолтой ажил л даа.

 Орчуулах зохиолын төрөл, орчуулгын ажлын бэрхшээлтэй тал

Зохиолчийг шилж сонгохоос илүүтэй орчуулахыг хүссэн, сонирхолтой, нэгийг бодогдуулсан уран зохиолыг орчуулахсан гэж боддог. Цаашид японы залуу зохиолч Аояама Нанаэ болон Миүра Шион нарын бүтээлийг орчуулахыг хүсдэг. Сүүлийн үеийн эмэгтэй зохиолчдын бүтээлийг орчуулж үзмээр байна.

Монгол хэлэнд буулгахад хэцүү япон үг хэллэгүүд мэдээж байдаг. Тийм үедээ япон багш, япон танилаасаа утгыг нь лавлаж, толь бичгүүдтэй тулна. Мэдээж толь бичгээс хайсан ч байхгүй, монгол хэлнээ буулгахад тохирох үг олдохгүй тохиолдолд тухайн япон үг хэллэгийг өөр орчуулагчид хэрхэн оноож орчуулсныг лавлаж хардаг. Жишээ нь, Мүраками Харүки, Оэ Кэнзабүро нарын зохиол англи зэрэг бусад хэлээр орчуулагдсан болохоор давхар нягтлана. Япон хэлний өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн хураагддаг нь орчуулахад бас бэрхшээлтэй. “Хэн гэдэг хүн, хэнд хандаж юу гэж хэлж байгаа нь ойлгогдохгүй” үе байдаг шүү. Авиа дуурайх үг, хэлц үг гэх мэт тохирох монгол үг олдохгүй үндэсний онцлогтой үг хэллэгийг тайлбарлахаас өөр арга байдаггүй. Сайн тайлбар зүүлт чухал гэж боддог.

 

 Орчуулагчийн зүгээс уншигчдад хандаж хэлэх үг:

Ф: Төгсгөлд нь орчуулагчийн хувиар уншигчид болон орчуулагч болохоор зорьж буй хүмүүст хандаж үг хэлээч?

   Түрүүн дурдсанчлан, орчуулгын ажил гэдэг үгийн сангаа баяжуулах, өөрийн ур чадвараа ирлэн дэлгэх боломжтой үйл. Дуртай хэлээ судлан, түүгээрээ дамжуулан шинэ ертөнцөд нэвтэрч, шинэ зүйл сурч авна гэдэг үнэхээр сайхан.

   Өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, ямар нэгэн үзэл суртлын нөлөөнд автаагүй нь японы уран зохиолын онцлог тал болов уу. Уран зохиолд нь тухайн үндэстний шашин шүтлэг, зан заншил, сэтгэлгээ, хувцас, хоол хүнс, орон байр зэрэг бүхий л соёл багтсан байдаг. Тухайн орны талаар сайн мэдэхийг хүсвэл уран зохиолыг нь уншиж үзээрэй. Бусдыг дагаж унших биш, уншвал зохих шилдэг зохиолын жагсаалт, түүврээс өөрөө  унших зохиолоо сонговол дээх байх.

  Мөн орчуулагч эх хэлнийхээ зүй тогтлыг сайн мэддэг байх ёстой. Миний хувьд монгол, япон хоёр хэлний онцлог, адил төстэй хийгээд ялгаатай талыг нь сайн ойлгож авах хэрэгтэй гэж боддог доо.

 

 

2020 он 6 сарын 22

 Ярилцлага авсан: Фүжино Норико/ Монгол-Японы төвийн Япон сангийн зохицуулагч

Монгол хэл рүү орчуулсан: Э.Урангоо