Үйл явдал
“БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН УДИРДЛАГЫН АНГИЙН ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА.
6 цаг 25 мин

Монгол-Японы төвөөс жил бүр зохион байгуулдаг жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготой “Бизнесийн үндсэн сургалт”-ын энэ намрын элсэлт 9 дүгээр сард эхэлж, Удирдлагын ангийн Япон маягийн менежмент, Комплаенс, Стратегийн менежмент, Санхүүгийн удирдлага хичээлүүд амжилттай зохион байгуулагдлаа.

Япон маягийн менежмент сургалтын үеэр, Багш: Дэгүчи Саторү
Япон маягийн менежмент сургалтын үеэр, Багш: Дэгүчи Саторү 

Энэ удаагийн сургалтад салбар бүрээс шалгарсан 42 компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд хамрагдаж байгаа бөгөөд, хичээл тус бүр дээр оролцогчид багт хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүлж, 4 сэдэв хичээлийг амжилттай суралцаад байна.

“Япон маягийн менежмент” сургалтаар “япон менежмент” гэж юу болох, байгууллагын философи буюу захирлын менежментийн зарчим сэтгэлгээгээ ажилтан бүрт ойлгуулах нь байгууллагын хөгжилд маш чухал болох, япон болон дэлхийн томоохон компаниудын үүсгэн байгуулагч, захирлуудын менежментийн туршлагаас суралцлаа.

Япон маягийн менежмент сургалт
Япон маягийн менежмент сургалт

“Комплаенс” хичээлээр компанийн засаглалын зөв бүтэц, хүний эрхтэй холбоотой дотоод дүрэм, журам боловсруулахын чухлыг онцлон хэлэлцэв. Мөн “Компани бизнесийн үйл ажиллага явуулахдаа хүний эрхийг зөрчих эрсдэл байгаа эсэхийг нягталж, урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах нь чухал болох”, “оролцогч талуудын компанид итгэх итгэлийг дээшлүүлэх хамгийн сайн арга бол Компанийн засаглал” гэдгийг онцолсон юм.

Комплаенс сургалт, Багш: Фүжимото Казүхиса
Комплаенс сургалт, Багш: Фүжимото Казүхиса

Стратегийн менежмент хичээлд оролцогчид байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлсоны үндсэн дээр компанийн богино(дунд, урт) хугацааны төлөвлөгөөг BSC(Balanced Scorecard) буюу санхүү, бизнес процесс, хүний нөөц, зах зээл гэсэн 4 өнцгөөс гаргаж, бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээг хийж, төлөвлөгөөнд хүрэх стратегийг тодорхойлох аргачлалд суралцав. Түүнчлэн Портер, Котлерийн онолууд болон “улаан”, “хөх тэнгисийн стратеги”-ийн талаар мэдлэгтэй болов.

Стратегийн менежмент сургалт, Багш: Кавагүчи Шиничиро

Санхүүгийн удирдлага хичээлээр санхүүгийн тайлан баланс, мөнгөн гүйлгээ, санхүүгийн шинжилгээний аргачлалуудаас суралцаж, эксэл дээр жишээ компанийн 3 жилийн санхүүгийн төлөвлөгөөг багаараа боловсруулж, дүн шинжилгээ, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус сургалтын дараа ангийнхантайгаа илүү дотно танилцах, танилын хүрээгээ тэлэх, түншлэл үүсгэх зорилготой уулзалтыг зохион байгуулсан нь онцлог үйл явдал боллоо.

Санхүүгийн удирдлага сургалт, Багш: Такэгүчи Ёшихиро

Манай дараагийн элсэлт 2026 оны 2-6 сард зохион байгуулагдах тул компаниа удирдахад шаардлагатай цогц мэдлэгийг арвин туршлагатай багш нараас суралцах хүсвэл заавал бүртгүүлээрэй.