Захирлын мэндчилгээ
Захирал Ц.Даваадорж

2022 он нь Дэлхий даяар цар тахлын аюулыг мэдэрч, цар тахалтай зэрэгцэн өөрсдийн ажил үйлс, амьдралаа зохицуулан явах сорилтын жил болсон юм. Монгол орны хувьд ч энэ бодит байдлаас зугатах аргагүй байлаа. 2022 он бол бидний хувьд олон олон тэгш ойнууд давхцсан, түүхэн тэмдэглэлт жил болон өнгөрлөө. Тухайлбал: МУИС байгуулагдсаны буюу Монгол улсад дээд боловсролын байгууллага үүссэний 80 жил, Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн, Монгол улсад ЖАЙКА-гийн сайн дурынхан ажиллаж эхэлсний 30 жил, Монголд ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, манай Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 20 жил болон Япон сангийн япон хэлний төв ажиллаж эхэлсний 10 жил гээд олон тэгш ойг бид бахдам амжилтаар тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Өнгөрсөн жилд манай хамт олон 30 гаруй төрлийн 221 ажил төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлсэн. Нийт ажлын биелэлт 97%-тай гарсан нь үүнийг нотлон харуулж байна. Төвийн ажиллагсдын хувьд ч ахиц гарсан гэж үздэг. Ажиллагсдын дундаж цалин 1,6 сая төгрөгт хүрч, өмнөх жилийнхээс 11,8% өссөн. Хэдийгээр Монгол улсын эдийн засгийн бадал сайнгүй, инфляци нэмэгдэж байгаа ч ажиллагсдынхаа бодит орлогыг бууруулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Ажиллагсдын шагналын хур ч арвин байлаа. Төвийн үйлчлэгчээр ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан Д.Лхагва төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь бидний бахархал болов. Мөн миний бие Ц.Даваадорж Японы дээд шагнал болох “Мандах нар” одонгоор шагнагдсан нь манай хамт олны ажлыг Япон улсын зүгээс өндөрөөр үнэлж байгаа хэрэг гэж үзэж байна. Бусад олон хүмүүс Засгийн газрын болон МУИС-ийн шагналуудаар шагнагдлаа.

Япон улсад 4 ажилтан маань тэтгэлэгээр суралцаж байгаа нь манай төвийн чадавхийг бэхжүүлэхэд Япон талаас ихээхэн анхаарч байгаагийн илрэл юм.

2022 оныхоо төлөвлөгөөт орлогыг 8,7%-иар давуулан биелүүлсэн бөгөөд зарлагаа ч 1,7%-иар хэмнэж ажилласан байна. 2018 оныг дуустал төвийн дулаан, цахилгаан, усны төлбөр болох тогтмол зардлыг Монголын Засгийн газраас санхүүжүүлж байсныг зогсоосон байсан. 2022 оноос эргээд дээрх зардлыг санхүүжүүлэхээр шийдэж, санхүүжилтийг улсын төсвөөс олгох болсон нь энэ жилийн нэгэн талархалтай үйл болсон. Цаашид ч Монгол Япон хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу Монголын тал хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. БШУ-ны яамны төсөвт багтаан санхүүжилэхээр тогтсон байна.

2022 оны жилийн тайлангаас дэлгэрэнгүй танилцах боломжтой тул ингээд үгээ товчлоё. Энэ жилийн тайлангийн бас нэг онцлог нь цаасан хэвлэлтээр гаргахгүй цахим хэлбэрээр түгээх болсон явдал билээ.

 Бидний үйл ажиллагааг ямагт дэмжиж, тусалж байдаг хамтран ажиллагч Японы болон Монголын бүх байгууллага, хувь хүмүүст халуун талархлаа дахин дахин илэрхийлье. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа байгаа учраас манай төв үргэлж урагш ахиж, амжилттай ажиллаж байгаа гэж бид үздэг.

Манай хамт олон ч цаашид ихээр хичээн, өөрсдийн чадвар, мэдлэгээ бүрэн дайчлан ажиллах болно. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг амжилттай болгон, төюийнхөө нэр хүндийг өндөрт өргөн явахаа амлаж байна.

Монголын ирээдүйг гэрэлтэй, гэгээлэг болгохын төлөө МЯТ-ийн хамт олон ажил үүргийнхээ хүрээнд бүхнийг хийх болно. Бүх хүмүүст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа

Монгол-Японы Хүний Нөөцийн хөгжлийн төвийн захирал

 

                                                                                                                       Захирал: 

                                                                                                                        Ц.Даваадорж