Монгол-Японы төвөөс 2025 оны 10 сарын 9-ний өдөр удирдлагуудад зориулан “Удирдлагын түвшинд санхүүгийн тайлан шинжилгээг хэрхэн хийх вэ” сэдэвт бизнесийн тусгай семинарыг зохион байгууллаа. Семинарыг ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Такэгүчи Ёшихиро удирдан явуулж, байгууллагын удирдах түвшний нийт 49 хүн хамрагдсан юм.
Тус семинарыг санхүүгийн хяналтын практик мэдлэг болон санхүүгийн шийдвэр гаргах аргачлалаас суралцах, удирдлагын түвшинд компанийн цаашдын менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чадвартай болох зорилготойгоор зохион байгууллаа.
Санхүүгийн тайлан, шинжилгээний талаарх ойлголт, санхүүгийн шинжилгээний төрөл болон аргууд, хугарлын цэг, хувьсах зардал болон тогтмол зардлыг ашигласан шинжилгээ, менежментийг сайжруулах тодорхой аргууд, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах аргачлал гэсэн агуулгуудыг богино хугацаанд заасан юм.
Байгууллагын захирал, удирдлагуудын хувьд баланс, орлогын тайлан, мөнгөн урсгалын тайланг уншиж, дүн шинжилгээ хийх, санхүүгийн үзүүлэлтүүдийг тайлбарлаж, шийдвэр гаргалтад ашиглаж чадсанаар компанийнхаа цаашдын санхүүгийн стратеги төлөвлөлтийг зөв гаргахад чухал ач холбогдолтой билээ.
Удирдлагуудад шаардлагатай санхүүгийн менежментийн мэдлэгийг манай Бизнесийн үндсэн сургалтын Удирдлагын ангид хамрагдсанаар илүү дэлгэрэнгүй суралцах боломжтой. Тус сургалт нь стратегийн менежмент, хүний нөөцийн менежмент, маркетинг, санхүүгийн удирдлага гэсэн үндсэн 4 сэдэв дээр нэмэлтээр япон маягийн менежмент, комплаенс, кайзэн 5S хөдөлгөөн сэдвүүдийг 3-4 сарын хугацаанд онол практик хосолсон хэлбэрээр заадаг онцлогтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.