МЭДЭЭЛЭЛ
ЭМГЭНЭЛ
2022-03-14

ЭМГЭНЭЛ

ШАГЖИЙН АЛТАНХУЯГ

(1961-2022)

     Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Үндэсний сургагч багш, орчуулагч,  “HQT” ХХК-ийн захирал, менежментийн зөвлөх Шагжийн Алтанхуяг нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улсын бизнес, менежментийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

     Тэрбээр 1969-1979 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1979-1984 онд Владимар хотын технологийн дээд сургуулийг төгсжээ.

1984-1986 онд Автотээврийн 30-р баазад ерөнхий механикч, 1986-1990 онд БНМАУ-ын Си3-ын дэргэдэх Техник засварлах, метал боловсруулах комиссын дэргэдэх Зохион бүтээх төв товчоонд ахлах зохион бүтээгч, 1990-1993 онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт Ерөнхий механикч, 1993-2000 онд Үндэсний бүтээмж, хөгжлийн төвд эксперт, дэд захирал, 2000-2005 онд Үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах төсөл, Хувийн хэвшлийг дэмжих төслүүд дээр менежментийн зөвлөх, 2005-2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

      Мөн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсанаас хойш 20 жилийн турш манай байгууллагтай тууштай хамтын ажиллагаатай байж, олон арван бизнесийн сургалтуудын орчуулагч багшаар, тэр дундаа “5S үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь”, “Кайзэн сэтгэлгээ”, “Үйлдвэрлэлийн удирдлага”, “Чанарын удирдлага”, “Гүйцэтгэлийн үнэлгээ”, “ISO 9001” зэрэг сэдвийн сургалтуудыг амжилттай удирдан чиглүүлж, зөвлөж ирсэн билээ.

     Түүнчлэн Ш.Алтанхуяг нь 2009, 2016 онуудад ЖАЙКА-ийн богино хугацааны Япон дахь дадлага сургалтуудад хамрагдаж мэдлэг, ур чадвар, туршлагаа байнга ахиулж, тус төвийн ажлын байрны сургалтууд, цахим болон танхимаар зохион байгуулдаг бизнесийн сургалтуудыг амжилттай зохион байгуулахад маш том хувь нэмэр оруулж ирснийг онцолмоор байна. Сургалтуудаараа дамжуулан Монголын олон мянган бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн дээд удирдлага болон дунд шатны удирдах менежерүүд зэрэг үе үеийн залууст мэдлэг туршлагаа хуваалцаж менежментийн үнэтэй зөвлөгөөг өгч, үргэлж үлгэр дууриал болж ирсэн билээ.

     Түүний зөвлөгөө өгч, сургалт явуулсан зарим компаниас дурдвал, Стимо, Тесо, Нэкст электроникс, Бамбууш, Цаст констракшн, Тулга Алтай, Говь, Ээрмэл, Монсам, Монинжбар, Улаанбаатар зочид буудал, Витафит, MSM групп, УБТЗ, УНТЭ, МУИС, Каппэ Бэнэ зэрэг олон томоохон аж ахуйн нэгжүүдэд сургалт оржээ.  

     Багшийн маань хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дууриал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ