УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах Я.Баттогтох, Ш.Чинбат нарыг Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан хэмээн Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүх байсан ч ирэх сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл хойшлуулжээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан байна. Тэднийг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэрэгт буруутган шүүх юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол сонгуулийг зохион байгуулалттайгаар будилаантуулсан гэж шүүх үзэн 6-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай аж.
Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сурталчилгааны үеэр "21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно" хэмээн ярьж явсан гэнэ. Энэ нь мэдээж Сонгуулийн хууль зөрчиж байгаа. Мөн Өмнөговь сумын Ардын намын байранд хотоос аваачсан оюутнуудыг цуглуулж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах нь тус бүр 150.000 төгрөг тараагаад МАН-ын төлөө ажиллахыг хүсчээ.
Мөн Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн туслах Н.Ариунтуяа орж, гэрийг чинь түрээсэлж сонгуулийн штаб байгуулъя" гэхэд айлын эзэгтэй зөвшөөрөөгүй юм байна. Гэтэл Н.Ариунтуяа "Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй" гэж хэлээд 100 мянган төгрөг өгөхөд нь айлын эзэгтэй цагдаа дууджээ.
Түүнчлэн Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөхдөө Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэнгийн нэрийг дугуйлахыг давхар сануулаад явсан байна. Үүнд нь дургүйцсэн иргэд сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу АН-ынхан баримтжуулж байжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)