Монгол-Японы төвөөс жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор зохион байгуулдаг Бизнесийн үндсэн сургалтын Удирдлагын ангийн сургалт үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн 29 дэх элсэлтэд нийт 32 удирдах албаны захирал эрч хүчтэй сурах эрмэлзэл дүүрэн хамрагдаж байна.
Нийт 7 сэдэв хичээлээс Япон маягийн менежмент, Комплаенс, Стратегийн менежментийн сургалтууд амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд Кайзэн, 5С сургалт эхлэхэд бэлэн болоод байна.
Япон маягийн менежмент сургалтаар япон менежментийн мөн чанар юу болох, японы Омрон, Cybozu, Fast Retailing буюу UNIQLO г.м. компаниудын менежментийн философийн талаар жишээ болгон танилцууллаа. Түүнчлэн хиймэл оюуны эрин үед өөрчлөгдөхгүй удирдлагын үүрэг, компаниа тогтвортой урт хугацаанд удирдахад юуг анхаарах талаар суралцлаа.

Комплаенс сургалтаар компанийн засаглал болон комплаенсын ялгаа, байгууллагын засаглалаа сайжруулах арга, ажлын байрын дарамт, хүний эрхийг зөрчиж буй асуудлуудыг гаргахгүйн тулд хэрэгжүүлэх зүйлс, комплаенсын журмаа боловсруулах гэх мэт агуулгыг авч үзлээ.
Стратегийн менежмент сургалтын хувьд байгууллагын богино болон дунд хугацааны зорилгоо тодорхойлж, гадаад дотоод орчны шинжилгээ хийж, түүн дээрээ үндэслэн зорилгодоо хүрэх стратеги боловсруулах аргачлалд багаар ажиллаж суралцсан юм.
Нийт суралцагчдадаа сурсан зүйлээ компанидаа заавал хэрэгжүүлж, сургалтаа амжилттай төгсөхийг хүсье.








