“Долдугаар сарын 1”-ны хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонсоод байгаа цагдаагийн экс дарга нарын ялыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэж ялыг хэвээр үлдээлээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар буруутган ялласан. Дээд шүүхээс ч эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв. Шүүх хурлын дараа Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яримпилээс тодруулахад, “Гурван шатны шүүх шийдвэрээ ингэж гаргалаа. Одоо цаашид хаана ч хандахгүй. Гэхдээ бусад өмгөөлөгч нар ямар байр суурьтай байгааг сонсоно” гэсэн юм. Харин О.Зоригт хурандаагийн өмгөөлөгч Ж.Энхчулуун “О.Зоригтын хувьд анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон. Тиймээс гомдолтой байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлд гомдол бичнэ” гэлээ.
Цагдаагийн экс дарга нарт гурван шатны шүүхээс ял оноолоо. Тэгэхээр тэдний хувьд Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандах арга зам үлдэж байгаа юм.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол ч хэвээр үлдээсэн юм.
Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ. Хуралд шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий, Г.Ганбаатар өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, хохирогчдын өмгөөлөгчөөр Н.Болормаа нар оролцов.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)