Монгол-Японы төвөөс Mонхорус Интернэйшнл ХХК-н хүсэлтийн дагуу “Стратегийн менежмент” сургалтыг 3 сарын 11-14-нд зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн дэд профессор Н.Батдэлгэр удирдан явуулсан юм.
Тус сургалтыг Монхорус Интернэшнл ХХК болон охин компаниудын удирдах ажилтанууд стратегийн талаар нэгдсэн ойлголттой болох зорилготойгоор зохион байгуулж, нийт 16 цагийн сургалтад 29 хүн амжилттай хамрагдлаа.

Энэхүү сургалтаар Стратегийн менежментийн ерөнхий ойлголт, BSC буюу тэнцвэржүүлсэн үнэлгээний картад суурилсан богино хугацааны зорилгуудаа тодорхойлж, түүнд хүрэх стратегиудаа боловсрууллаа. Сургалтыг багийн хэлэлцүүлэг, дасгал ажилд суурилан, удирдлагуудын зүгээс стратеги боловсруулахад тулгарч буй асуудлаа ярьж, хэлэлцэн, идэвхтэй асуулт асууж байсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгож чадсан юм.

Манай төвийн байгууллагад зориулсан сургалтад хамт олноороо хамрагдсанаар менежментийн нэгдсэн ойлголттой болж, нэг хэлээр ойлголцдог болох давуу талтай байдаг билээ.
МОНХОРУС ИНТЕРНЭЙШНЛ ХХК-н хувьд “Маркетинг” болон “Хүний нөөцийн менежмент”-ийн сургалтыг үргэлжлүүлэн авахаар төлөвлөгдсөн байна.






