Үйл явдал
ТҮМЭН ШУВУУТ ХК ДЭЭР 5S ХӨДӨЛГӨӨН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-06-07

Монгол-Японы төвөөс Түмэн Шувуут ХК дээр 5 сарын 10-наас 12-ны өдрүүдэд “5S-Хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МЯТ-ийн үндэсний сургагч багш, Моншибасаки ХХК-ийн захирал Д.Долгормаа удирдаж заасан юм.

Тус компанийн оффис, Шувуу-1, Шувуу-2, тэжээлийн үйлдвэр дээр очиж, 4 удаа нийт 138 ажилтанд 5S-ийн суурь ойлголтыг олгох зорилготойгоор сургалтаа зохион байгууллаа.

Япон компаниудын хэрэгжүүлдэг, дэлхий нийтэд танигдсан менежментийг сайжруулах арга хэрэгсэл бол 5S/Seiri, Seiton, Seiso, Seiketsu, Shitsuke/ билээ. 5S-г хэрэгжүүлсэнээр ажлын байр эмх цэгцтэй болж, ажлын бүтээмж цаашлаад хамт олны уур амьсгал маш өөр болж сайжирдаг. Мөн 5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх алхмуудыг тайлбарлаж, хамгийн гол нь хэрэгжүүлж, түүнийгээ тасралтгүй сайжруулах нь чухал гэдгийг Долгормаа багш онцоллоо.

Түүнчлэн ажлын байран дээрээ зураг авалт хийж, цэгцлэх, сайжруулах зүйлсээ хамт олноороо хоорондоо ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөсөн юм.

Эх орныхоо үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Түмэн Шувуут компанийн хамт олондоо улам их амжилт хүсье.