Өнөөдөр УИХ-ын чуулганаар Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар гэсэн таван нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр төлөвлөөд байгаа. Гэсэн ч 10 цагт зарласан УИХ-ын чуулган одоо хүртэл эхлээгүй байна. Чуулганы танхимд АН-ын зарим гишүүд ирсэн байгаа ч МАН болон "Шударга ёс" эвслийн гишүүд ирээгүй байна. Тиймээс ирцээс шалтгаалж чуулганы хуралдаан эхлээгүй байгаа юм. МАН-ын зүгээс Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын гишүүний тангараг өргөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэж мэдээлж байсан. Мөн МАН-ын нэр дэвшигч Г.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэргийн тухайд Улсын дээд шүүхээс эцсийн хариу гараагүй байгаа аж. Зарим нь МАН-ын гишүүдийг өнгөрсөн удаагийнх шиг Төрийн ордонд буйдантай суултаа үргэлжлүүлж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Ямартаа ч МАН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүн болгохгүйн тулд ямар алхам хийх нь олон нийтийн анхаарлын төвд байна.