БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“Хүний нөөцийн менежмент” суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2 цаг 4 мин

Монгол-Японы төвөөс 2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Хүний нөөцийн менежмент” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шинхикари” ХХК-ийн захирал, МХНМ-ийн “Хүмүүн баялаг” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Дашмаа удирдан явуулсан бөгөөд оролцогчдод хүний нөөцийн менежментийн суурь ойлголт, орчин үеийн чиг хандлага, практикт хэрэгжүүлэх аргачлалуудыг ойлгомжтой, бодит олон жишээнд тулгуурлан хүргэлээ.

Энэхүү сургалт нь хүний нөөцийн чиглэлээр анхан шатны мэдлэг эзэмшихийг хүссэн хүн бүрт нээлттэй байснаараа онцлогтой байв. Өнөөгийн байгууллагуудад хүний нөөцтэй холбоотой сорилт, асуудлууд улам бүр төвөгтэй болж буй энэ үед зөвхөн хүний нөөцийн ажилтан төдийгүй байгууллагын ажилтан бүр энэ чиглэлийн суурь ойлголттой байх шаардлагатайг Д.Дашмаа багш онцлон тэмдэглэлээ.

Мөн хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед “хүн” өөрөө байгууллагын хамгийн үнэ цэнтэй нөөц хэвээр үлдэнэ гэсэн чухал санааг оролцогчдод хүргэлээ. Өөрөөр хэлбэл, ур чадвартай, зөв хандлагатай хүн бол байгууллагын амжилтын “амьд хөдөлгүүр” хэвээр байх юм.

“Хүн бүр хүний нөөцийн менежер” хэмээх уриан дор зохион байгуулагдсан тус сургалт нь оролцогчдод өөрсдийн ажлын байр, баг хамт олондоо илүү хариуцлагатай, ойлголцолтой, үр дүнтэй ажиллах сэдэл, шинэ өнцөг, бодит хэрэгжүүлэх санаануудыг өгсөн үр өгөөжтэй сургалт боллоо.

📌 Манай дараагийн суурь мэдлэгийн сургалт 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “5S Кайзэн” сэдвээр Д.Долгормаа багшийн удирдлага дор зохион байгуулагдана. Та бүхнийг урьж байна!