Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас орон нутгийн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор цаг агаарын гэнэтийн эрсдлээс сэргийлэх үүрэг, зөвлөмжийг аймгуудын удирдлагуудад хүргэж байна. 2009-2010 онд өвлийн бэлтгэлээ сайн хангаагүйгээс малчид 570 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 10.3 сая малаа хорогдуулсан. Энэ хохирлыг барагдуулахаар Засгийн газраас 9.8 тэрбум, гадаадаас 12.3 тэрбум, хандиваар 27.1 тэрбум нийт 49.2 тэрбум төгрөгийг зарцуулж байсан юм. Тиймээс энэ жил аль болох хохирол багатай өвөлжихийн тулд дараах зөвлөмжийг ҮХАА-н яамнаас өглөө. Үүнд:
-Нөөцөө дутуу бүрдүүлсэн аймгууд Сэлэнгэ, Булган, Төв аймгуудтай гэрээ байгуулж өвс, тэжээл авах
-Малчдаас нөөцийн мах бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол авч гэнэтийн аюулаас сэргийлэх
-Отрын малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэх
-Цас ихтэй газруудад өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай гаргах
-Зам, даваа хаагдахаас урьдчилан сэргийлж машин, техникийн бэлэн байдлыг хангах юм.
Т.Гэрэл