Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд эхлэх гэж байна. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 25-нд болж, хэргийг хянаж үзээд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ. 149 хавтаст хэрэгтэй уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж, улсын яллагчаар орох юм байна.
Гэвч албаны эх сурвалжийн мэдээлснээр шүүх хурал хойшлоно гэв. Учир нь хурлыг хойшлуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхэд гаргасан байна. Харин уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн, хойшлуулах, үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.
“Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Чимэг