МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон ч ялаа Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт эдэлж буй. Учир нь түүний ямар өвчин туссан нь тодорхойгүй ч биеийн байдал нь тун муу хэмээн эмнэлэгт хэвтүүлсээр байгаа. Уг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гарч, ялын тогтоол гардуулснаас хойш ялтныг хорих ангид хуваариладаг. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр ялын тогтоолоо өнгөрсөн аравдугаар сард гардан авсан ч өнөөдрийг хүртэл эмнэлэгтээ л эмчлүүлж байгаа юм. Мөн түүний үснээс шинжилгээ авахад хорлогдсон хэмээн гарсан гэж МАХН-аас мэдээлж байсан. “Чухам юунаас хорлогдсоныг шинжлүүлэхээр үсийг нь АНУ руу явуулсан. Шинжилгээний хариу ирэхээр албан ёсны мэдээлэл хийнэ” гэж байсан ч өнөөдрийг хүртэл таг. Харин энэ талаар МАХН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Шинжилгээний хариу ирээгүй байгаа” гэсэн хариултыг өглөө. Юутай ч Н.Энхбаярын чухам юунаас хордсон эсэхийг мэдэхээр АНУ-аас ирэх шинжилгээний хариуг олон нийт хүлээж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (13)