МЭДЭЭЛЭЛ
“СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 27 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-12-16

   Энэ жил уран илтгэлийн тэмцээн 2 удаа зохион байгуулагдсан онцлогтой жил байлаа. Дэлхий нийтийг цочроож буй Ковид 19-ийн халдвар дотоодод илэрч хөл хорио тогтоогдсоноор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан 26 дахь удаагийн илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт нь энэ оны 5 сарын 8-ны өдөр онлайнаар зохион байгуулагдсан юм. Тодруулбал оролцогчид танхимд ирэлгүйгээр онлайнаар шууд холбогдон илтгэлээ тавьж, үзэгчид илтгэлийн тэмцээнийг шууд цацалтаар (Facebook Live) хүлээн авч үзсэн билээ.

   Түүний дараа энэ жилийн “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 27 дахь удаагийн тэмцээн”-ийг өмнөх 26 дахь удаагийн илтгэлийн тэмцээний туршлагад тулгуурлан 2021 оны 11 сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

   Илтгэлийн тэмцээнд “Ахлах ангийн сурагч” ангилалд 10 сурагч, “Их, дээд сургуулийн оюутан” ангилалд 8 оюутан оролцов. Ахлах ангийн сурагчид “未来の私へ” буюу “Ирээдүй дэх өөртөө” гэсэн сэдвээр, их, дээд сургуулийн оюутнууд “学びの力” буюу “Суралцахуйн гайхамшиг” гэсэн сэдвийн дагуу тус тус илтгэлээ тавьсан.

   Сэдвийн дагуу ахлах ангийн сурагчдын дийлэнх нь өөртөө хандаж бичсэн захидал хэлбэрээр илтгэлээ сонордууллаа. Тэд ирээдүйн талаарх төсөөлөл, хүсэл мөрөөдлийн жигүүр, эрч хүч, урам зориг, бадрангуй тэмүүлэл зэргийнхээ тухай сэтгэл хөдөлгөм урнаар илтгэсэн. Харин их сургуулийн сурагчид өөр өөрсдийн амьдралын туршлага болон үзэл бодол дээр үндэслэн сурсан бүхэн эрдэм болно гэдгийг илтгэлээрээ сонирхолтойгоор илэрхийлсэн юм.

   Ангилал тус бүрээс 4, 4 оролцогчдыг шагналт байранд шалгаруулж, түүнээс тэргүүн байр болон тусгай байранд шалгарсан, өмнө нь Япон улс руу явж байгаагүй оролцогчдод Японы элчин сайдын яамны нэрэмжит шагнал болох JENESYS (14 хоног Японд аялах эрх)-ийг гардуулсан юм. Онцолж дурдахад, ахлах ангийн сурагчдаас тэргүүн байрын эзнээр Монгол 3-р сургуулийн 12-р ангийн сурагч М.Халиун тодорсон бөгөөд сурагч М.Халиун нь манай Монгол-Япон төвийн Яриа дүрэм хосолсон цогц сургалтуудад амжилттай суралцаж, япон хэлний мэдлэг эзэмшсэн билээ. Мөн жил жилийн тэмцээнд япон хэлний сургалттай сургуулиудаас төлөөлөн оюутан сурагчид энэхүү уран илтгэлийн тэмцээнд оролцдог ч,  энэ жил анх удаа Монгол 3-р сургуулиас оролцож шилжин явах цомын эзэн болсон билээ.

   Энэ удаагийн илтгэлийн тэмцээн нь онлайн болон танхимаар хослон явагдсанаараа онцлогтой бөгөөд оролцогч хүүхдүүд уламжлалын дагуу тайзан дээрээс илтгэлээ тавьж, харин үзэгчдэд зориулж тэмцээнийг танхим дээрээс шууд дамжуулалтаар (Facebook Live) үзүүлсэн болно.

   Оролцогчид болон үзэгчдийн судалгаанаас үзэхэд тэмцээний зохион байгуулалт болон шууд цацалтад өндөр сэтгэл ханамжтай байсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс дараа дараагийн жилүүдэд ч мөн тэмцээнийг онлайнаар шууд цацах ажлыг үргэлжүүлэн хийхээр шийдвэрлэлээ.

   Тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцсон нийт оюутан сурагчид болон тэдний удирдагч багш нарт талархал илэрхийлье. Мөн шагналт байранд орсон оролцогчиддоо халуун баяр хүргэе.

“Ахлах ангийн сурагч” ангилалд:

Тэргүүн байр “Монгол 3-р сургууль”  Мэндсайхан овогтой Халиун

Дэд байр  “Ерөнхий боловсролын 18-р сургууль” Нямсүрэн овогтой Шүр-Эрдэнэ

Гутгаар байр “Нийслэлийн Ерөнхий Боловсролын лабортори 23-р сургууль" Бадрах овогтой Сэргэлэн

Тусгай байр “Шинэ Монгол Харүмафүжи сургууль” Билэгсамбуу овогтой Ганжаргал

“Их, дээд сургуулийн оюутан” ангилалд:

Тэргүүн байр  “Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв” Хатанбаатар овогтой Цээсүрэн

Дэд байр “ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөр” Эрдэнэчулуун овогтой Мөнхбаяр

Гутгаар байр “Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв” Галбадрах овогтой Дагвасүмбэрэл

Тусгай байр  “Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв” Түмэндэмбэрэл овогтой Чойжанцан

 

                                           Байр эзэлсэн сурагчид

                                 Байр эзэлсэн оюутнууд

“Ахлах ангийн сурагч” ангиллын тэргүүн байрын эзэн Монгол 3-р сургуулийн 12-р ангийн

сурагч М.Халиун болон түүний удирдагч Монгол-Япон төвийн Япон хэлний багш нар

                          Танхимын зохион байгуулалт

Хамтран зохион байгуулагчид: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, 

ШУТИС-Гадаад хэлний сургууль, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан

Ивээн тэтгэгч байгууллагууд: Монгол дахь Япончуудын холбоо ТББ, Монгол-Японы худалдааны танхим ТББ

Илтгэлийн тэмцээний шууд Live-ын бичлэгhttps://www.facebook.com/MoJCenter/videos/6562332270475808