Оюутолгойн гэрээг өөрчлөх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар ням гарагт халз мэтгэлцэхээр товлоод байсан ч хойшлуулжээ. Ирэх долоо хоногт орон нутгийн сонгууль болох тул сонгуулийн дараа 11-р сарын 23-нд мэтгэлцээнийг явуулахаар болсон байна. Харин үүнд С.Ганбаатар гишүүн бухимдаж байгаа бөгөөд энэ мэтгэлцээнийг заавал хойшлуулах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр "Би сэтгэл дундуур байна. Энэ мэтгэлцээнийг хойшлуулж болохгүй. Хэн, юу ярих нь вэ гэсэн ард түмний хүлээлт их байгаа болохоор иргэдээ хүндлэх хэрэгтэй. Мэтгэлцээний цагийг МҮОНРТ-ийн эфирт 11-р сарын 23-нд гэж зоосон байна. Би амьдралынхаа хэдэн жилийн Оюутолгойн гэрээний талаар ярьж, тэмцэж өнгөрөөсөн болохоор бүрэн бэлтгэлтэй байгаа. Нөгөө тал ч гэсэн бүхэл бүтэн яамыг толгойлж, УИХ-д хэд дахин суусан, есөн шид нь бүрдсэн айхтар хүн бий. Хамгийн гол нь үнэн миний талд байгаа болохоор би бэлэн" гэв. Мөн "УИХ-ын Тамгын газар болон бусад албаны хүмүүс энэ мэтгэлцээнийг хойшлуулахгүй байх арга хэмжээ яаралтай авч өгөөсэй" гэсэн юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (10)